Босон сууж хүлээсэн ханан элгэн уулс минь
Боргиотон оволзож цовхчсон угаасан тунгалаг ус минь
Бодол амраан цэнхэртлээ, сэтгэл баясган мяралзлаа
Хөх толбот хүмүүний хүй цөглөсөн газар аа
Хүсэж тэмүүлсэн миний амьд өлгий нутаг аа
Намиран үелзэж ганхсан битүү ширэнгэн шугуй минь
Номин зүлэг ширдэглэсэн хөрвөөн сэргэх буурь минь
Салхи өдөөн сэржигнэлээ зүрх огшоон урилаа
Хөх толбот хүмүүний хүй цөглөсөн газар аа
Хүсэж тэмүүлсэн миний амьд өлгий нутаг аа
Ханаран дугуйрж эмжсэн домогт хөх хярууд минь
Хаа холоос цэлэлзсэн хөх, цагаан нуурууд минь
Хажууд ойрхон дүнхийлээ хүсэл татан гөвөлзлөө
Хөх толбот хүмүүний хүй цөглөсөн газар аа
Хүсэж тэмүүлсэн миний амьд өлгий нутаг аа
Асарлан давхраатаж гөвөлзсөн аварга халиман нурууд минь
Хүрээлэн цэлийж хаяарсан тэнгис хөх тэнгэр минь
Ард гүдийн хоцорлоо хойноос үдэн ширтлээ
Хөх толбот хүмүүний хүй цөглөсөн газар аа
Хүсэж тэмүүлсэн миний амьд өлгий нутаг аа
П. Дэмбэрэл
Улиастай хот
2010.08.02